Sunday, September 19, 2010

ИНТЕРНЭТ БА ХӨГЖИЛ

Энэхүү эссэг одоогоос яг нэг жилийн өмнө tedy.mn -н уралдаанд зориулж бичиж байлаа. 2-р байранд орсон билээ...

-ЭССЭ-

“Ирээдүйн даяарчлагдсан ертөнцийн төв цэг нь интернэт байх болно.”
- Билл Гейтс

Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн тэртээх 1990 он бол дэлхий ертөнцийн түүхэнд маш чухал ач холбогдолтой жил байв. Тус онд Нельсон Мандела /Nelson Mandela/ 27 жилийн дараа шоронгоос суллагдаж, Дисковери /Discovery/ хөлөг Хабл /Hubble/ огторгуйн дурангаа сансрын тойрог замд туршиж, хоёр Герман нэгдсэн төдийгүй дэлхийн мэдээлэл харилцаа холбооны хөгжилд асар том хувьсгал гарсан юм. Гэнэтийн энэхүү хувьсгал нь мэдээлэл харилцаа холбоог өдөр тутмын өргөн хэрэглээ болгов.

Даян дэлхийн вэб сүлжээ /World Wide Web/ буюу сүлжээнд ажиллах зориулалттай программ хангамжийг Их Британийн компьютерийн мэргэжилтэн Тим Бернерс-Ли /Tim Berners-Lee/ зохион бүтээснээр хүн төрөлхтний түүхэнд цоо шинэ “Веб соёл иргэншил” бий болох үндэс суурийг тавьсан юм. Өмнө нь 1969 оноос АНУ-н цэрэг, боловсролын салбарын компьютеруудийг л хамарсан сүлжээ байсан бол, Бернерс-Ли-гийн ачаар Интернэт нь єнєєдєр дэлхий даяар 600 гаруй сая компьютеруудыг холбосон аварга том сvлжээ болжээ. Дэлхийн хамгийн анхны вэб “http://info.cern.ch” 1991 оны 8 сарын 6-нд бэлэн болж байсан бол 2007 оны байдлаар 29.7 тэрбум веб хуудас сүлжээнд бүртгэгджээ.

Өнөөдөр манай гарагийн өнцөг булан бүрээс 1,6 тэрбум гаруй хүн интернэт хэрэглэж байна. Харин Монгол улсын хувьд 2009 оны байдлаар 60 мянга гаруй компьютер сүлжээнд холбогдосон байгаа бөгөөд 320 мянган интернэт хэрэглэгч байдаг гэсэн тооцоо бий. Монголд интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, Mobinet, Citinet, Magic Net, MCS Com тэргүүтэй 37 тусгай зөвшөөрөл бүхий компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр нь сансрын хиймэл дагуул, Улаанбаатар төмөр замын шилэн кабель болон “Russian Trans Telecom” гарцаар холбогддог. Хэдэн жилийн өмнөөс манай улс интернэтийн GigaBit урсгалд холбогдсноор хэрэглээний үнэ 2-3 дахин хямдарч иргэдэд маш том боломжийг олгосон билээ.

Миний бодлоор “Интернэт” гэдэг бол арилжаа, зар сурталчилгаа, мэдлэг, мэдээллийн асар том урсгал бөгөөд мянга мянган серверүүдээс бүрдсэн сүлжээ юм. Шинэ зууны иргэдийн өдөр тутмын амьдралыг интернэтгүйгээр төсөөлөхөд бэрх бөгөөд интернэт бол жинхэнэ утгаараа ертөнцийг харах цонх мөн. Хүмүүс интернэт ашиглан хүссэн мэдээллээ олж авах(google, yahoo, msn), өөр хоорондоо холбогдох (VoIP, Skype, messenger, e-mail), үзэл бодлоо илэрхийлэх (blogs, newsletter, newsgroup), худалдаа, төлбөр тооцоо хийх(e-bay, PayPal), сурч боловсрох (e-learning), кибер орон зайд мэдээлэл хадгалах (Rapid Share), бүх төрлийн дохиолол, алсын удирдлага ашиглах (Remote control), мөнгө олох боломжтойгоос гадна хүн төрөлхтний түүх, соёл урлагийн бүтээлүүдтэй танилцаж, тэр ч бүү хэл хайр дурлалтайгаа ч учирч байна. Мөн интернэт нь аливаа байгууллагын үйл ажиллагаа, бизнесийг хөтлөн явуулах хамгийн чухал арга хэрэгслийн нэг юм.

Интернэт бий болсноор шинжлэх ухаан, боловсролын салбарт асар том дэвшил гарсан бөгөөд олон зуун их дээд сургуулиуд зайны сургалтаар төрөл бүрийн боловсрол олгож байна. Монгол залуусын хувьд интернэт ашиглахад тулгарч буй хамгийн гол бэрхшээл нь англи хэлний мэдлэг дутмаг байгаа явдал юм шиг санагддаг. Гэхдээ өнөөдөр олон залуучууд гадаадад болон эх орондоо англи хэлийг шамдан суралцаж байгаагаас үзвэл энэ бэрхшээл тун удахгүй үгүй болох бизээ. Саяхан л гэхэд www.olloo.mn портал сайт англи хэлний зайн сургалтын http://edu.olloo.mn/english/ сайтыг нээж хэдхэн сарын дотор 10.000 гаруй байнгын хэрэглэгчтэй болсон байгаагаас үүнийг харж болно.

Глобальчлагдаж буй хавтгай дэлхий дээр хүн өөрөө чадвартай л бол интернэт ашиглан эх орондоо сууж байгаад Америк, Европ гэх мэт өндөр хөгжилтэй орнуудын том пүүсүүдтэй хамтран ажиллах боломжтой боллоо. Үүний нэг жишээ бол сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, олон улс гүрнүүдийн том жижиг хэдэн зуун мянган пүүс компаниудын үйл ажиллагаандаа идэвхитэй ашиглах болсон “Аутсорсинг”/outsourcing/ бизнес юм. Аутсорсинг гэдэг нь интернэтээр дамжуулан гадны компани, хувь хүмүүсээр програм хангамж, дизайны болон бусад төрлийн ажил гүйцэтгүүлэхийг хэлэх ба Монголын олон арван компаниуд өндөр хөгжилтэй орнуудын пүүс компаниудын захиалгаар ажил гүйцэтгэж ашиг орлого олж эхлээд байна.

Хүн төрөлхтний нийтлэг эрх ашиг, дэлхий нийтийн соёл иргэншил гэж ярих болсон өнөө үед залуус бид жалга довны юм ярьж, сэтгэж, төр засгийн удирдлагадаа хий хоосон найдаж суухын оронд “Интернэт” хэмээх асар том боломжийн уурхайг нээн ашиглаж чадвал Жерри Янг (Jerry Yang: Yahoo –г үндэслэгч), Пиер Омидьяр (Pier Omidyar: e-bay –г үндэслэгч) зэрэг мянга мянган залуусын адилаар долларын тэрбумтангууд болохыг үгүйсгэх аргагүй. Монголын олон залуус Интернэт хэмээх энэхүү мэдлэг оюуны хязгааргүй уудам орон зайг ашиглан амжилтанд хүрээсэй билээ.

Дэлхийн интернэтийн хөгжлийн чиг хандлага нь “Олны хүч оломгүй далай” гэсэн зарчим дээр тулгуурлагдан хөгжиж байгаа бөгөөд үүнийг App store, Linux, Unix, Social Networking, Open source зэрэг нийтийн оролцоог хамарсан, програм хангамж болон агуулгыг/content/ хүн бүр өөрсдөө хөгжүүлэх бололцоог хангасан дэвшилтэт технологиуд гарч ирж байгаагаас харж болно. Ялангуяа Web 2.0, Web 3.0 дээр суурилсан хүмүүсийн оролцоон дээр тулгуурлагдсан User generated content -ууд сүүлийн жилүүдэд интернэт хэрэглээний хамгийн чухал хэсгүүдийн нэг болсоор байна.

21-р зууны хүн төрөлхтөн интернэтэд зөвхөн компьютер төдийгүй гар утасны тусламжтайгаар холбогдох боломжтой болж байна. 2008 оны сүүлээр дэлхийн хэмжээнд 4,1 тэрбум гар утас хэрэглэгч байсан бол энэ тоо 2014 он гэхэд 5 тэрбум хүрэх ажээ. Өөрөөр хэлбэл хэрэглээний асар их потенциаль байна гэсэн үг. Өнөөдөр MSN, Yahoo, Google зэрэг дэлхийн томоохон бүх портал сайтууд гар утсанд зориулсан хувилбартай болсон байна. Түүнчлэн Microsoft, Google зэрэг томоохон компаниуд Windows болон Android үйлдлийн системтэй ухаантай /smart/ гар утаснуудыг хөгжүүлж дэлхийн үүрэн телефоны зах зээл дээр Nokia, Samsung, Apple зэрэг акулуудтай өрсөлдөж эхэллээ.

Манай улсын хувьд анх удаа “MobiCom” Корпораци 2009 оны 3-р сард 3,5G технологийг зах зээлд нэвтрүүлснээр гар утаснаас өндөр хурдаар интернетэд холбогдож, гар утсаа модем болгон интернэтэд холбогдох боломжийг олгосон билээ. Цаашид үүрэн телефоны гуравдагч оператор “Unitel” Корпораци 3,5G технологийг 2009 оны 8-р сард “LIVE” нэртэйгээр гаргах гэж байгаа төдийгүй “Skytel” Компани Хятадын “ZTE” Корпорацитай хамтран дэлхийд анх удаа CDMA EVDO 2000 1X системээс LTE буюу 4G технологи руу шилжих сураг дуулдах боллоо. Ингэснээр интернэтийн хэрэглээ манай улсад асар ихээр нэмэгдэж тун удахгүй бид малчны хотноос ч гар утсаараа дамжуулан өндөр хурдаар интернэтэд холбогдох боломжтой болж байгаа юм.

Чингис хааны сэлмийн хүчээр бий болгосон Торгоны их зам 800 жилийн дараа шинэ үеийн Монголчуудад интернэтийн ач буянаар эргэн ирсэн байна. Бид хурд, ухаан, харилцаа холбоо, интернэт хэмээх торгон замыг түшиглэн дэлхийн тавцанд хүч үзэн, хөгжил өөд тэмүүлэх болно.

Thanks to Мөнхзориг
Эх сурвалж: http://blog.tedy.mn/?view=show&pid=71