Thursday, November 25, 2010

Эх орныхоо хөгжилд – Mиний оролцоо

МУЗГ-с Гадаадад сурч буй оюутнуудад зориулсан "Эх орны хөгжилд - миний оролцоо" сэдэвт эссэний уралдаанд 2-р байр эзлэв. 


2010 оны 12-р сарын 28 -ны өдөр.


Эх орныхоо төлөө шаналах сэтгэлгүй, цохилох зүрхгүй иргэн хүн гэж хаа байх билээ. Хятад ч бай, Орос ч бай өөрийн улс орноо хамгийн сайхан нь гэж боддог жинхэнэ иргэдийнхээ хүчээр л оршин тогтнодог. Харин “Наран ургах зүгээс наран жаргахуй” хүртэлхийг морин туурайгаар тамгалж, толгойтныг бөхийлгөж, тойгтоныг сөхрүүлж, шударга хууль дор түмнийг захирч, дэлхийн талыг эзэгнэж явсан аугаа их түүхтэй Чингисийн Монголын иргэн болж төрсөн хүн бүр хараа алсуур, тэргүүн дээгүүр явах учиртай биз ээ.

Эгэл бие минь алс холын Солонгос улсад мастерийн зэрэг горилон суралцдаг ч, хөх тэнгэрийн доорх Монгол орондоо зүрх сэтгэл минь уяатай байдаг. Улс орныхоо хөгжил дэвшилд иргэн хүний хувьд санаа зовнин явдаг.

Солонгост сурч буй хугацаандаа миний олж харсан хамгийн чухал зүйл гэвэл тус улсын хөгжлийн гол үндэс нь иргэн бүрийн эв нэгдэл, эх орноо чин сэтгэлээсээ хайрлах үзэл юм билээ. Эх орноо гэсэн сэтгэлтэй олон мянган залуус нь гадаад оронд сурч өндөр боловсрол эзэмшээд бага цалинтай гэлгүйгээр эх орондоо заавал эргэн ирж өөрсдийн ирээдүйн хойчийн төлөө шаргуу хөдөлмөрлөсөний үр шим өнөөдөр энэ улсыг дэлхийн 12 дахь том эдийн засагтай гүрэн болгожээ. Дайны дараах хүнд жилүүдэд Солонгос дэлхийн хамгийн ядуу орны нэг байсан бөгөөд байгалийн баялаг гэх зүйл юу ч үгүй, дээр нь авилгал, хүнд суртал, хээл хахууль газар авсан байв. Гэвч өнгөрсөн 30 жилд Солонгос улс ядууралтай тууштай тэмцэж богино хугацаанд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болж чадсаны нууц, бас хөдөлгөгч хүч нь ердөө л хүн бүрийн эх оронч сэтгэл. Тэгэхээр зарим залууст хийрхэл мэт сонсогддог энэ “эх оронч үзэл” хэмээх ойлголт бол маш хүчирхэг, бодтой том далайц юм байна.

Улс орныг хөгжүүлнэ гэдэг алга урвуулахын дайтай зүйл биш нь тодорхой. Гэхдээ иргэн бүр амь нэгтэй байж, эх орон минь маргааш биш юм аа гэхэд тав, арван жилийн дараа л дэлхийн тэргүүлэгч улс болно гэсэн өөдрөг зорилгын төлөө үнэнчээр хөдөлмөрлөж чадвал хөгжил гэдэг хүршгүй холын зүйл огт биш ээ. Монголчууд биднийг нэгтгэж чадах, аль ч хүчирхэг үндэстэнд төдий л байдаггүй түүх соёл, өвөг дээдсээрээ бахархах үзэл хэмээх давуу тал бий шүү дээ.

Миний бодлоор нэн тэргүүнээ хүн бүр ажилтай байх нь хамгийн чухал. Үнэндээ Монголд улсад ажлын байр байхгүй ч бус, гагцхүү гоц чухал ажлын байруудад тэнцэх боловсон хүчин ус агаар мэт хэрэгтэй байна. Тэр дундаа өндөр технологи, нарийн мэргэжлийн инженер мэргэжилтнүүд асар их хэрэгцээтэй байгаа билээ.
Өнөөдөр зуу зуун залуус харийн нутагт өндөр боловсрол эзэмшихээр шамдан суралцаж байна. Би ч мөн эдгээр залуусын нэгэн адил дэлхийн өндөр хөгжилтэй орны шинээр гарч буй интернэт, харилцаа холбооны техник технологийг судалж эзэмшсэн сайн мэргэжилтэн болж, цаашилбал эх орондоо шинэ техник, технологи нэвтрүүлж, өөрийн гэсэн бизнестэй  болох сон гэж хичээн суралцдаг. Харилцаа холбооны техник технологиор дэлхийд тэргүүлэгч Солонгос улсад ирсний минь учир ч энэ. Хэдхэн жилийн дараа би эх орондоо буцаж очоод орчин цагийн “торгоны их зам” болсон интернэтээр дамжуулан Америк, Европ, Азийн өндөр хөгжилтэй орнуудын том пүүсүүдтэй хамтран ажиллаад сууж байх юм сан.

Хамгийн гол нь тусгаар улсынхаа жинхэнэ иргэн нь байж, шудрага хөдөлмөрөөрөө гэр бүлээ хүний дайтай авч явж, хожим төрөх хүүхдүүдээ түүх соёл, зан заншлаа хүндэтгэн дээдэлдэг эх оронч хүмүүс болгон өсгөж чадаж гэмээнэ эх орныхоо хөгжилд оруулж буй иргэн хүний хамгийн үнэ цэнтэй хувь нэмэр тэр гэж би ойлгодог. Үүний тулд өнөөдөр хийж чадах зүйл маань өдөр өдрийн нартай уралдан хичээл номдоо шамдаж, хүний газар нэрээ хичээж явах. Илүү зүйл бодохгүй, дэмий зүйлд сатаарахгүй, сэтгэлдээ үүнээс өөр ачаагүй яваа энэ л үе минь миний боломж, бүр цаад утгаар нь хөөж бодох юм бол, Монгол эх орны минь өнөөдрийн хамгийн чухал боломж юм.

Харьд, тэр тусмаа өндөр хөгжилтэй оронд явахад “Бид юугаараа эднээс дутуу болоод, эд яагаад ийм сайхан амьдрал, ийм хөгжингүй нийгмийг цогцлоочихсон юм бэ?” гэж өөрийн эрхгүй бодогддог. Тэр хөгжингүй орны иргэд биднээс хол давчихсан, атаархмаар ухаантай хүмүүс учраас ингээд биднээс түрүүлчихсэн юм огт биш, гагцхүү тэдний чинхүү эх оронч үзэл, эвсэг зан л улсаа ийм хэмжээнд аваачихад хангалттай хөшүүрэг болжээ гэдгийг олж харсныхаа дараа би нэг л сайхан тайвшралыг мэдрэх шиг болсон. Энэ санаагаа өөрийн үе тэнгийн олон залуустай хуваалцах сан гэсэндээ үүнийг бичиж байна. Д.Урианхай найрагчийн “Бүргэд нисэхээ бусдаар заалгаагүй шиг, эх орноо хайрлахаа хүнээс сураагүй ээ, би” гээд нэг сайхан шүлэг байдаг даа. Монгол улс минь нэгэн цагт дэлхийд тэргүүлж байсан тэр цаг ахин ирнэ, монгол хүн болж төрнө гэдэг дээдийн дээд хувь ерөөл юм аа гэдэг энэ бодлыг минь надад хэн нэгэн хүн албадан зааж сургаагүй ээ. Хар аяндаа л би Монголоо гэсэн сэтгэлтэй хүн болчихсон. Над шиг залуус сая саяараа өсч торниж байгаа шүү, итгээрэй, эх орон минь!


Thanks to Мөнхзориг & Ах Аюурзана


Эх сурвалж: http://cooperation.gov.mn/essay/archives/528 

Wednesday, October 27, 2010

Төгс нийгмийг төсөөлөхүй

Эргэцүүлэл

Оюун ухаант хүмүүн үүссэн цагаасаа нийгмийн харилцаанд оролцож их бага хэмжээгээр бусдын эрх ашгийг ухамсарлан хүндэтгэж, тэр хэмжээгээр өөрийн хүсэл сонирхол нь хязгаарлагдах байгалийн хуулинд өөрийн мэдэлгүй захирагдан, зохилдон барилдаж иржээ. Мянга мянган жилийн амьдралын төлөө, амьд үлдэхийн төлөөх тэмцэл, давагдашгүй их байгалийн шалгуурууд нь хүн төрөлхтний оюун ухааныг улам бүр хөгжүүлэн тэлж, нийгмийн гүн гүнзгий нарийн харилцаануудыг бий болгосон байх.

Анх хүн үүсэх үед амьдрал нь ан гөрөө хийх, загасчлах, жимс ногоо түүх төдийхнөөр хязгаарлагдаж, хүмүүс хоорондын харилцаа дохио зангаа, дуу авиа гаргах хэмжээнд л байсан бол эдүгээ дэлхий дээр 6 тэрбум хол давсан хүний их нийгэм, хэдэн мянган хэлээр ярилцаж, зуу зуун мянгаар тоологдох соёл иргэншил, амьдралын хэв маягийг бүрдүүлжээ. Хүний нийгэм ийнхүү хөгжихийн хэрээр энгийн атлаа жаргалтай байсан амьдрал улам бүр баяжин тэлж хүмүүс хоорондын ялгаа тэнгэр газар мэт болж хүн төрөлхтний нийтлэг эрх ашиг, ашиг сонирхол гэх зүйл бараг үгүй болжээ. Хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээсэн, өөрсдөдөө үнэ цэнэтэй гэж итгүүлсэн эд баялаг, газар нутаг, шашин, үзэл суртлаас болж эдүгээг хүртэл зуу зуун дайныг үзэж, сая сая хүний амийг хүний гараар хөнөөжээ.

Хүн ер нь эрт балар цагт ч тэр эдүгээ орчин цагт ч тэр төрөхдөө л дараах хоёр шинж чанарыг агуулж байдаг болов уу. Эдгээр нь бурханлаг буюу хүмүүнлэг шинж, чөтгөрлөг буюу адгуусан шинжүүд юм. Загалмайтны болон лалын шашинд байдаг анхны хүмүүс болох Адам, Ева хоёрт ч мөн энэ 2 шинж байсан. Бурхан тэднийг бүтээгээд дэлхий дээр авчирсаны дараа хүрч болохгүй шүү хэмээн захисан алимны модноос жимс авч идсэнээр хүн төрөлхтний мөнхийн болоод эцэс төгсгөлгүй их зовлон эхэлсэн талаар дурддаг. Бурхны өөрийн гараар бүтээсэн анхны хүмүүст хүртэл энэхүү адгуусан шинж байсан гэхээр үнэхээр хүний мөн чанарт ийм хоёрдмол шинж анхнаасаа л байсан, цаашид ч байх болно гэдгийг харуулах мэт. Харин энэ 2 шинжийн аль нь илүү давамгайлах нь тухайн бодгалийн генийн кодноос төдийгүй, өсч хүмүүжих орчин ахуй, соёл, гэр бүл, хамт олон, эзэмших боловсрол товчхондоо нийгмээс ихээхэн хамааралтай.

Бид өнөө цагт бүх зүйл хатуу чанга хууль дүрмээр зохицуулагдан ёс зүй, ухамсрыг уландаа гишгэж буй мэтээр харж байгаа хэдий ч дундад зуун, нэн эртний үеүүдийг эргэн харвал хууль цааз өнөөгөөс илүү хатуу чанга байсан. Хүнийг амьдаар нь зулын гол болгох, олны өмнө цаазлах, дүүжлэх, гар хөлийг нь тайрах зэргээр шийтгэхийг нийгмээрээ хэвийн үзэгдэл мэт хүлээн авч байсан. Мөн өнөө цагт бүх хүн ухамсрын түвшинд хүлээн зөвшөөрөөгүй ч гэсэн ихэнх улс оронд ядаж л хуулиар хориглосон байдаг боолчлол, олон эхнэртэй байх, насанд хүрээгүй хүнтэй гэр бүл болох зэрэг үзэгдэл нь ч эрт цагт хэвийн зүйл байсан нь олонтаа.

Гэвч нөгөө талаас хүн төрөлхтний хамгийн нандин үнэт зүйлүүдийн нэг болох хайр дурлал гэр бүлийн асуудал нь эрт цагт хууль цаазаар баталгааждаг өчүүхэн явцуу зүйл биш өөрсдийн итгэл үнэмшил, сүсэг бишрэлийн дагуу бурхан тэнгэр, хамгийн эрхэм нандин гэж үзсэн зүйлийнхээ өмнө андгай тангараг өргөн амлалт өгдөг байсан бол өнөөдөр хүн хүнээ хайрласнаа, хамтран амьдрал зохиохоор шийдсэнээ хууль дүрмийн дагуу баталгаажуулж, өндөр хөгжилтэй зарим оронд гэрээ хийж байж гэр бүл болдог болжээ.

Ухаарал

Ингээд бодохоор хүний нийгмийн ухамсрын, ёс зүйн дээд оргил цэг нь хүн хүнээ, байгаль дэлхийгээ, хүрээлэн байгаа орчноо ер нь амьдралыг бүхэлд нь хайрлах, бусдыг уучлах, хүсэл тачаалаасаа ангижрах тэр цэг байх болов уу. Буддын шашинд байдаг Нирваан дүрийг олох гэдэг нь чухам үүнийг л хэлсэн байх. Мэдээж хүн бүрийн хүсэл тэмүүлэл өөр өөр байдаг, өөр байх ч ёстой. Гагцхүү тэр их хүсэл тэмүүлэл нь хайр энэрэл гэсэн нийтлэг ганц л шинжийг агуулсан байх хэрэгтэй.

Үнэхээр хүн төрөлхтөн тэр оргилд хүрч чадах аваас тэр нийгэмд хайр дурлалаар учирсан хүмүүс заавал хуримын ордонд очиж гэрлэлтээ батлуулж байна гэж хайрыг доромжлохгүй. Бие биенээ хэзээ ч хардахгүй, хайр гэдэг бие биенээ харамлсан хардсан, зунгааралдан зүйл биш байх болно. Хайр гэдэг зүйл бидний төсөөлшгүй өндөр түвшинд хүрэх болно.

Хүн бүр хүсэхүй шунахуйг таягдан хаяж амар амгаланг эрхэмлэн чухалчлах болно. Хүний амьдралын гол зорилго эрх мэдэл, сандал суудал, мөнгө төгрөг биш зөвхөн бусдад өгөх хайр байх болно. Энэ хайр нь шинэ хүн төрөлхтний амьдралын утга учир байх болно.

Тэр цагт хий хоосон шашин шүтлэг, мухар сүсэг үгүй болж хүмүүс өөрөө өөрсдийнхөө бурханлаг шинжийг бүрэн хэрэгжүүлж, ухаарах болно. Хүн бүр өөрийн урсах ёстой замаар урсах болно. Жаргал гэдгийг амар амгалан юм гэж хүмүүс ойлгох болно. Хүн бүр эрдэм мэдлэг гэгээрлийг эрхэмлэн шүтэж ажил хөдөлмөрийг баяр хөөртэйгээр хийцгээх болно. Орой болгон дуу хуур эгшиглэн уянгалж хүмүүс аз жаргалаар бялхан цэнгэх болно.

Өлсгөлөн гуйланчлал үгүй болж хэн ч юугаар ч үл дутагдана. Даян дэлхийн ард түмэн бие биенээ төрсөн ах лугаа хүндэтгэн хайрлаж амьдралын гэрэл гэгээ амар амгалан өөд гар барин алхах бөгөөд хил хязгаар, цэрэг цагдаа, буу зэвсэг үгүй болно. Хүн төрөлхтөн цэнхэр гарагтайгаа ээж хүү хоёр мэт эвтэй байж уудам хөндий, уул ус, цэцэг, навч, ургамал, амьтан нь хүмүүсийн удирддаг техник технологитой арга билиг лугаа зохицсон байх болно.

Хүний харилцааг зохицуулах нийгмийн хэмжүүр нь хууль, дүрэм, журам бус гагцхүү ухаарал, энэрлээр өлгийдүүлсэн хүмүүний ойлголцолоор хэмжигдэх болно. Хүн нь хүнээ бурхан мэт дээдэлсэн төгс гэгээрсэн тэрхүү нийгэмд Хууль дүрэм нь археологийн олдвор адил хүмүүсийн амьдрахуйн бус танин мэдэхүйн хэрэгцээг хангах чанартай зүйл болон хувирч гагцхүү музейд л түүхийн дурсгал болон үлдэх болно.

Б.Мөнхзориг 

3G Хязгааргүй Data хэрэглээний нөлөө /Солонгос/

Өнгөрсөн 7-сард SK Telecom хязгааргүй data хэрэглээний багцаа /Unlimited Data Plan/ зарласанаас хойш  бусад операторууд болох KT бa LG U+ мөн дагасан билээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр Солонгосын бүх операторууд хязгааргүй data хэрэглээний багцыг хэрэглэгчиддээ санал болгож байна. Энэхүү өөрчлөлт нь Smartphone хэрэглэгчдэд төрөл бүрийн mobile application -г ямар нэгэн нэмэлт хураамжгүйгээр хэрэглэх боломжийг олгож байгаа юм.

SK Telecom -н хувьд нийт хэрэглэгчдийн 80 орчим хувь нь (2cая гаруй хэрэглэгч) хязгааргүй data багцыг сонгоод байна. Өдөрт дунджаар 17 мянган хэрэглэгч энэхүү үйлчилгээнд шинээр нэгдэж байгаа юм байна. Түүнчлэн 900 мянган хэрэглэгч SK Telecom -н Application зах болох T Store -руу зочилж олон төрлийн mobile application татаж авчээ. Хязгааргүй data хэрэглээ нь хүмүүсийн гар утас хэрэглэх зан төлөвийг ихээхэн өөрчилсөн төдийгүй voice -н хэрэглээг давсан гэж хэлж болохоор ажээ.

Энэхүү үйлчилгээг нэвтрүүлсний дараагаар хэд хэдэн сөрөг тал ажиглагдаж буйн нэг нь Voice хэрэглээний чанар муудаж байна хэмээн судлаачид үзэж байна. Энэ талаар маш олон хэрэглэгчдээс гомдол гаргасан байна. Гэвч оператоуудын зүгээс data хэрэглээг хязгааргүй болгосоноор Voice-н чанарт нөлөөлөх үндэсгүй хэмээн няцаасаар байна. Солонгосын Харилцаа Холбоон Зохицуулах Хорооноос гаргасан мэдээгээр 3G data хэрэглээ өмнөх оныхоос 200% -р өссөн гэсэн болон KT - 344%, SK - 232%, LG U+ - 114% -ийн өсөлттэй байна.

Саяхан дэлхийн томоохон операторууд болох Verizon болон T-Mobile нар хязгааргүй data plan -аа зогсоох шийдвэр гаргасан байна. Харин Солонгосын операторуудын хувьд эдгээрээс эсрэг стратеги баримталж байгаа юм байна.

Tuesday, October 19, 2010

Эминем - Стан дууны үгний орчуулга


Дахилт: 
Миний цай хөрчихлөө, яагаад гэдийг нь мэдэхгүй
Би орноосоо аль хэдийн боссон байна
Өглөөний бороонд цонх минь бүүдийжээ
Би юу ч харахг
үй байна
Би харж чадах байсан ч б
үйх зүйл саарал л харагдах байсан байх
Гэвч чиний зураг ханан дээр байсаар байгаа нь
Надад б
үх зүйл тийм ч муу биш байгааг сануулж байна.


Х
үндэт Слим, Би чамруу захиа бичсэн боловч чи одоо болтол залгаагүй л байна.
Тэр захианы төгсгөлд би
өөрийнхөө утас, пейжер, гар утасныхаа дугаарыг бичсэн
Өнгөрсөн намар чамруу 2 ч захиа бичлээ, Магадгүй чи тэдгээрийг аваагүй л байх ёстой
Магадгүй шуудан дээр эсвэл хаа нэг газар нь асуудал гарсан байх.
Гэхдээ заримдаа би өөрийнхөө хаяг энэ тэрийг жаахан гаргацгүй бичдэг юм. Ойлгоорой.
За тэр яахав. Юу байна хамаа, Охин чинь дажг
үй юу? Миний найз охин жирэмсэн, би аав болох гээд л байж байна даа энэ хавиар. Хэрвээ би охинтой болвол түүнийг хэн гэж нэрлэхийг мэдэж байна уу? Түүнд би Бонни гэж нэр өгөх болно.
Би чиний авга ах Роннигийн талаар уншсан. Н
адад үнэхээр харамсалтай байна.
Надад ч бас нэг гичий өөрийг нь тоогоогүйгээс болж өөрийгөө алсан найз байсан. Би чамайг иймэрхүү зүйлийг өдөр болгон сонсдогийг чинь мэдэж байна. Гэхдээ би бол чиний хамгийн том фен чинь итгээрэй. Миний өрөөгөөр дүүрэн чиний плакат болон зурагнууд байгаа. Ямар ч байсан энэ захиаг авна гэдэгт чинь итгэж байна хариу заавал бичээрэй.
Хүндэтгэсэн Стан

Дахилт

Х
үндэт Слим, Чи өдий болтол надруу залгах юмуу хариу бичсэнгүй. Би чамд боломж байгаа гэдэгт итгэж байна. Би галзуу биш гэхдээ чамайг фенүүддээ хариу бичихгүй байхаар чинь новшийн санагдаж байна. Хэрвээ тоглолтынхоо дараа надтай ярихыг хүсэхгүй байсан бол би зүгээр ойлгоно. Гэхдээ чи миний бяцхан дүү Маттюд ядаж гарын үсгээ зураад өгчих л байсан юм. Тэр дөнгөж зургаахан настай. Бид 2 чамайг хараал идсэн хүйтэнд дөрвөн цаг хүлээхэд чи зүгээр л “Үгүй” гэж хэлсэн. Энэ чинь жинхэнэ хөгийн санагдаж байна. Чи бол түүний хувьд шүтээн нь гэсэн үг. Тэр чамд надаас илүү  дуртай.
Би уурлаагүй, гэхдээ хэн нэгэн надад худлаа яриад байхад би дургуй. Денверт уулзаж байснаа санаж байна уу!!? Чи надад миний захианд хариу бичнэ гэж хэлж байсан хэрвээ би бичвэл.
Би чамтай л адил аавынхаа тухай мэддэгг
үй. Тэр үргэлж ээжийг минь хуурж бас зоддог байсан. Тэгэхээр хоёулаа адилхан гэдгийг харж байна уу!?
Би чиний дуугаараа хэлэх гэсэн з
үйлийг чинь ойлгодог. Хэрэв би сэтгэлээр унах эсвэл ямар нэгэн хөгийн өдрийг өнгрөөж байвал машинаа унаад чиний дуунуудыг сонсоод явах дуртай. Энэ нь намайг тайвшруулж хогын зүйлээ мартахад тусалдаг. Тэгээд ч зогсохгүй чиний нэрийг чинь цээжин дээрээ шивүүлсэн гэдгийг чи мэдэхүү?
Заримдаа би
өөрийгөө зүсч, цусаа олгойдож байгааг харах дуртай. энэ нь яг л Адреналин шиг байдаг. Чиний хэлсэн бүх зүйл үнэн байдаг учраас би чамайг хүндэлдэг мөн чиний дууг сонсдог.
Нээрээ миний найз охин гэж жинхэнэ атаархуу шулам. Яагаад гэвэл би чиний тухай т
үүнд 7 хоног, 24 цаг яридаг. Тэгсэн ч тэр чамайг над шиг мэддэггүй тэр бидэн шиг хүмүүс яаж өсөж ямар байдгийг ойлгодоггүй. Чи надруу залгах ёстой шүү залуу минь!
Би чиний хэзээ ч алдахыг хүсэхгүй хагмийн том фен чинь байх болно.
Үргэлж чинийх Стан.
Жич: Нээрээ хоёулаа хамтдаа байсан нь дээр байх.

Дахилт

“Х
үндэт ноён өөрийнхөө фэндүүрүү ярих болон залгахааргүй хэтэрхий сайн залуу минь"
Энэ бол чиний
өгзөг рүү чинь илгээх миний эцсийн зүйл байх болно.
6 сар ганц ч үг ган хийгээгүй нь би үүнийг хүртэх эрхгүй байсан уу?
Би чамайг миний сүүлийн 2 захиаг авсныг мэдэж байна өөрийнхөө хаяг утсыг би дэндүү төгс гаргагдахаар бичсэн.
Би энэ кассетыг чамруу явуулах гэж байна. Сонсоно гэж найдая.
Би одоо машиндаа 5 дахь архиа уучаад 90 гаруй миллийн хурдтай явж байна.
Чи намайг яаж жолоо бариж зүрхэлж байна гэж байна уу!?
Чи нээрээ Фил Коллинсын ``Харанхуй ш
өнийн агаараас`` гэдэг дууг сонссон уу.. Нэг залуугийн тухай гардаг. Өөр нэг залууг аварж чадахаар байсан хэдий ч авралгүй живүүлсэнийг нь Фил бүгдийг нь хараад түүний биеийг уснаас олдог.
Энд одоо яг тиймэрх
үү юм болох гэж байна. Чи намайг живж үхэхээс аварж чадах л байсан. Одоо харин хэтэрхий оройтсон. Одоо би согтуу бөгөөд хямарсан байна.
Миний чамаас х
үссэн ганц л зүйл бол нэг муу хөгийн захиа. Би чиний зургуудыг чинь бүгдийг нь хананаасаа буулгасан. Би чамд хайртай байсан Слим, бид цугтаа байж болох байсан. Үүнийг бодоод үз чи энэ бүхнийг сүйтгэлээ.
Би чамайг унтаж ба
йхдаа энэ бүхний тухай зүүдэлж чадахгүй байгаасай гэж бодож байна. Хэрвээ зүүд зүүдэллээ ч гэсэн, унтаж чадахгүй хашгирж сэрнэ гэж байдаж байна.. Мөн би чиний далд ухамсар чамайг үргэлж зовоож надгүйгээр амьсгалж чадахгүй байлгахыг хүсэж байна.
Сонсооч Слим... /Эмэгтэй х
үний орилох чимээ/ `Амаа тат гичий минь би энд хүнтэй яриж байна`. Хөөе Слим, энд манай найз охин багаажнаас орилоод байна. Гэхдээ би түүний хоолойг хэрчих юмуу ямар нэгэн юм хийгээгүй зүгээр л хүлээд багаажандаа хийсэн байгаа. Гэхдээ тэр тийчлээд байвал удахгүй боогдоод үхчих байх нээрээ.
За за явах цаг боллоо бараг л г
үүрэн дээр ирчлээ. Өө новш гэж. Би нээрээ яаж энэ хөгийн кассетаа явуулна гэж бодсийм бол... /Ааааааааааа аааа аааа/

Дахилт:................

Х
үндэт Стан, Би чамруу жоохон байж байгаад хариу  бичье гэж бодсийм
Сүүлийн үед би жаахан завгүй байлаа. Найз охин чинь жирэмсэн гэж чи хэлсэн, хэр хугацаа үлдсэн бэ? Юу гээч? Би чамайг охиноо тэгж нэрлэх гэж байгаад их баярлаж байна. Энд бас чиний дүүд чинь зориулсан гарын үсгийг саравчтай малгайн дээр зураад явууллаа.
Тоглолтынхоо дараа чамтай уулзаагүйд минь уучлаарай, Би тэнд удаж болохгүй байсан юм.. Харин үүнийг минь битгий албаар тэнэгтсэн гэж ойлгоорой.
Бас юун хуруу гараа з
үсдэг гэж тэнэгтээ вэ?  Би чамд битгий ийм алиа зан гарга гэж хэлий хамаа.
Чамд хэдэн асуудал байна Стан. Чамд ямар нэгэн юмнаас
өгзөгийг чинь хамгаалж тайвшруулахын тулд зөвөлгөө хэрэгтэй байх гэж би бодож байна. Бас энд юун цугтаа байх талаар утгагүй юм бичээ вэ!? Иймэрхүү тэнэг зүйл чинь намайг чамтай уулзмааргүй болгож байна гэдгийг ойлго.
Чи болон найз охин чинь бие биендээ илүү хэрэгтэй байгаа би гэж бодож байна. Чи магадгүй түүнд арай аятайхан хандах ёстой байх. Чамайг энэ захиаг уншаад ойлгоно гэдэгт итгэж байна. Энэ захиаг чамайг өөрийгөө гэмтээхээс нь өмнө очно гэдэгт л найдаж байна. Бас чи хэрэв жаахан л тайвширвал чиний бүйх зүйл зүгээр сайхан байх болно гэж итгэж байна.
Чамайг бишр
үүлсэндээ би баяртай байгаа боловч яагаад чамайг ийм галзуу байгааг ойлгохгүй байна. Би чамайг зүгээр л миний фен шиг байгаасай л гэж хүсэж байна. Чамайг ямар нэгэн тэнэг зүйл хийгээсэй гэж хүсэхгүй байна.
Би иймэрх
үү мэдээлэл саяхан сонингоос уншаад сонин байдалд орчоод сууж байна. 2 долоо хоногын өмнө нэг гар машинтайгаа гүүрнээс унаж үхсэнийг нь олсон байна. Түүний машины багажнаас найз охиных нь жирэмсэн цогцосыг нь олжээ. Мөн тэнд нэг кассет байсан ч чухам хэнд гэдэг нь тодорхойгүй учраас сайн мэдэхгүй байна.. За байз би тэр гарын нэрийг нь санаадхий. Тэр бол... Тэр бол чи байсан байна.
Чөтгөр гэж!


Бид интернэтийн хурдын үзүүлэлтээр дэлхийд хаахна явна вэ?


Дэлхийн улс орнуудын интернэтийн үйлчилгээнд ашиглагдаж буй хурдын индексийн судалгааг Speedtest.net -ээс хэдэн сая тестийн үр дүнд үндэслэн гаргадаг юм байна. Энэхүү үзүүлэлтээр манай улс "За яахав ээ, Найзууд аа, "БОЛОМЖИЙН" гэж хэлж болохоор түвшинд байна.  (Бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад)

2010 оны 10-р сарын 18-нд  гаргасан уг судалгаагаар Монгол улс 3.22 Mbps гэсэн хурдын үзүүлэлтээр дэлхийн 162 орноос 79-р байранд цохиж явна. Харин нэгдүгээр байранд 36.70 Mbps гэсэн үзүүлэлтээр Өмнөд Солонгос улс жагссан бол Боллиева улс 0.44 Mbps гэсэн үзүүлэлтээр 162-р байранд оржээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.netindex.com  -оос үзэх боломжтой.


Saturday, October 16, 2010

Үүрэн холбооны зах зээлийн тойм /Солонгос/

Харилцаа холбооны салбар нь сүүлийн 10 жилийн хугацаанд Солонгосын эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр болсоор иржээ. 2009 оны  байдлаар үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 46 саяд хүрсэн  нь тус улсын нийт хүн амын 95% -ийг эзэлж байна. (Манай улсын хувьд энэ тоо ойролцоогоор 1.8 сая хэрэглэгч буюу нийт хүн амын 66% гэж болохоор байх).

Өнөөдөр Солонгосын үүрэн холбооны салбарт нь хоёр томоохон асуудал тулгараад байгаа  гэнэ. Энэ нь салбарын өсөлтийн зогсонги байдал төдийгүй нэг хэрэглэгчээс сард олох дундаж орлогын хэмжээ ний (ARPU) бууралт ажээ. (Хүснэгт 2,3)

2009 оны байдлаар үүрэн холбооны салбарын өсөлтийн хувь буюу Growth rate нь: 1.4% /өмнөх жилтэй харьцуулсан дүн/  байгаагаас харвал  Солонгос улсын үүрэн холбооны  зах зээлийг бүрэн ханасан зах зээл гэж дүгнэж болохоор байна. Тус улсын үүрэн холбооны зах зээл дээр 3 үндсэн тоглогч байдаг бөгөөд эдгээрийн зах зээлд эзлэх хувь хэмжээг авч үзвэл: 

1. Market share of Korean MNO in 2009
  • SK Telecom (SKT):                                 50.5%
  • Korean Telecom Freetel (KTF):               31.5% 
  • LG telecom (LGT):                                   18.0%
2. Харин манай улсын хувьд үүрэн холбооны компаниудын зах зээлд эзлэх хувь хэмжээ 2009 оны байдлаар дараах байдалтай байсныг мэргэн уншигч Та юу эс андах: 
  • MobiCom:                         50%
  • Skytel:                               22%
  • Unitel:                                19%
  • G-mobile:                            9%
Дашрамд сонирхуулахад Солонгосын SK Telecom манай Skytel -ийн  40% эзэмшдэг билээ. За энэ ч яахав. Солонгосын үүрэн холбооны операторуудын ARPU-г авч үзвэл дараах байдалтай байна.

3. ARPU of Korean MNO
                                                                   2008                 2009
  • SK Telecom (SKT):                               $44.0                 $32.0
  • Korean Telecom Freetel (KTF):             $30.8                 $29.6
  • LG telecom (LGT):                                $27.5                  $26.1
(Эх үүсвэр: Hong 2009)

 ARPU -г өсгөхийн тулд эдгээр операторууд сүүлийн үед шинэ төрлийн нэмэлт үйлчилгээ, ялангуяа Convergence үйлчилгээг  хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байгаа юм байна. Тухайлбал: WiBro(Wireless broadband), DMB(Digital Media Broadcasting) болон Location based service зэргийг дурдаж болно.

Миний хувьд энд ирснээс хойш LGT -н утасыг барьж байгаад 2 сарын өмнөөс   SK Telecom -ийн үйлчлүүлэгч болсон. SK Telecom  бол ерөнхийдөө  зах зээлд эзлэх байр суурь нь манайхаар  бол Mobiсom маягийн компани юм байна аа... гэж би ойлгоод байгаа. Үнийн хувьд бага зэрэг өндөр хэдий ч үйлчилгээний чанар, нэр төрлөөрөө  бусдаасаа үнэхээр илүү санагдсан. Нэг зүйл нэмж хэлэхэд энд  iPhone үнэхээр газар авч байна шүү. Метронд явж байгаа хүмүүсийг ажиглавал бараг 3 хүний 2 нь iPhone 4 барьж яваа харагдахийм...


Tuesday, October 12, 2010

Гоо сайхны мэс засал /Солонгос/

Гоо сайхны мэс засал нь 1990-аад оны сүүлээс Солонгос ихээхэн дэлгэрч эхэлсэн бөгөөд  "The Korea Times" сонинд гарснаар өнөөдөр Солонгосын нийт эмэгтэй оюутнуудын 40 хувь нь зуны амралтаараа ямар нэгэн хэмжээгээр гоо сайхны хагалгаа хийлгэсэн гэсэн судалгаа байдаг гэнэ. Сүүлийн 10 жилийн хугацаанд гоо сайхны мэс заслын хэмжээ 457 хувиар өссөн юм байна. Түүнчлэн залуучуудынх нь гоо сайхны хагалгаа хийлгэсэн тоо энэ жил өмнөхөөс 17 хувиар өссөн гэсэн дүн байна.

Нүдэндээ давхраа хийлгэх нь Солонгосчуудын хувьд хамгийн түгээмэл мэс засалд ордог бөгөөд орчин үед энэ нь бол үнэндээ шүд авхуулахтай л адил зүйл болжээ. Үнэ ханшийн хувьд давхраа хийлгэхэд 2-3 сая, өөхөө соруулахад 4-5 сая орчим за тэгээд мөнгө нь байвал бол 5-8 см хүртэл хэмжээгээр өсөх ч болох боломж хүртэл байдаг юм байна. Ер нь тэгээд Солонгос царай муутай бол ажилд ороход нилээд хэцүү байдаг бололтой. Энд энэ чиглэлээр сурдаг миний нэг найз байдаг бөгөөд хэлэхээр лав  солонгос эмэгтэйчүүд унаж тусаад байдаг юм байна лээ. Тэхээр гоо сайхны мэс засал нь үнэхээр их эрэлт хэрэгцээтэй энэ төрлийн мэргэжил  ихээхэн нэр хүндтэй юм байна гэж би бодсон.

Хэдийгээр гоо сайхны мэс засал нь хүнийг өөрчлөн өөртөө итгэх итгэлийг нь нэмж, шинэ боломж, бололцоог нээж өгч чадах хэдий ч нөгөө талаараа ихээхэн эрсдэл дагуулдаг байхыг үгүйсгэх аргагүй юм. Тэгээд ч энэ нь эрс тэс уур амьсгалтай манай  нөхцөлд  тохирох тийм ч  таатай зүйл гэдэгт би эргэлздэг. Гэхдээ юм  хөгжихийн хэрээр бас хөөрхөн болоод авахад буруудах юм юу байхав. Гагцхүү хувь хүний сонголт л мэдэх хэрэг байх.

Monday, October 11, 2010

Далай багшийн сургааль



  • Миний шашин бол маш энгийн. Энэ бол `нинжин сэтгэл` My religion is very simple. My religion is kindness.
  • Хэрэв чадвал бусдад туслаарай. Чадахгүй бол ядаж битгий "гай" болоорой. If you can, help others; if you cannot do that, at least do not harm them.
  • Унтах гэдэг бол хамгийн сайн бясалгал. Sleep is the best meditation.
  • Бидний амьдралын гол зорилго бол "аз жаргалтай байх" The purpose of our lives is to be happy.

Эх орон









Хvний нутагт эрдмийг сурахаар ирсэн ч
Хєх тэнгэр Монгол нутаг минь гээд
Хэдэн мянган бээрийн тэртээх улсдаа
Хэрэн тэнvvчилсэн бодлоо би яалтай...

Эх орны минь салхийг тээн ирж буй
Эгэл гийчний айлчилна гэх сургаар
Энгvй их догдолж, эргэж тойрон уулзчаад
Эргээд буцахад нь хамт явчмаар болхиймдаа...

Ай хєєрхий, энэ бэтгэрч гунисан зvрх
Амь ордгиймаа зєвхєн Монголдоо л байхад
Ухаант ардынхаа уужуу ухаан, даруу амьдралыг
Уйтай намрын энэ єдєр илvv их санахын учир юу вэ...

(Гоё шүлэг байна шүү. Эх сурвалж: Саак.mn)

Sunday, September 19, 2010

ИНТЕРНЭТ БА ХӨГЖИЛ

Энэхүү эссэг одоогоос яг нэг жилийн өмнө tedy.mn -н уралдаанд зориулж бичиж байлаа. 2-р байранд орсон билээ...

-ЭССЭ-

“Ирээдүйн даяарчлагдсан ертөнцийн төв цэг нь интернэт байх болно.”
- Билл Гейтс

Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн тэртээх 1990 он бол дэлхий ертөнцийн түүхэнд маш чухал ач холбогдолтой жил байв. Тус онд Нельсон Мандела /Nelson Mandela/ 27 жилийн дараа шоронгоос суллагдаж, Дисковери /Discovery/ хөлөг Хабл /Hubble/ огторгуйн дурангаа сансрын тойрог замд туршиж, хоёр Герман нэгдсэн төдийгүй дэлхийн мэдээлэл харилцаа холбооны хөгжилд асар том хувьсгал гарсан юм. Гэнэтийн энэхүү хувьсгал нь мэдээлэл харилцаа холбоог өдөр тутмын өргөн хэрэглээ болгов.

Даян дэлхийн вэб сүлжээ /World Wide Web/ буюу сүлжээнд ажиллах зориулалттай программ хангамжийг Их Британийн компьютерийн мэргэжилтэн Тим Бернерс-Ли /Tim Berners-Lee/ зохион бүтээснээр хүн төрөлхтний түүхэнд цоо шинэ “Веб соёл иргэншил” бий болох үндэс суурийг тавьсан юм. Өмнө нь 1969 оноос АНУ-н цэрэг, боловсролын салбарын компьютеруудийг л хамарсан сүлжээ байсан бол, Бернерс-Ли-гийн ачаар Интернэт нь єнєєдєр дэлхий даяар 600 гаруй сая компьютеруудыг холбосон аварга том сvлжээ болжээ. Дэлхийн хамгийн анхны вэб “http://info.cern.ch” 1991 оны 8 сарын 6-нд бэлэн болж байсан бол 2007 оны байдлаар 29.7 тэрбум веб хуудас сүлжээнд бүртгэгджээ.

Өнөөдөр манай гарагийн өнцөг булан бүрээс 1,6 тэрбум гаруй хүн интернэт хэрэглэж байна. Харин Монгол улсын хувьд 2009 оны байдлаар 60 мянга гаруй компьютер сүлжээнд холбогдосон байгаа бөгөөд 320 мянган интернэт хэрэглэгч байдаг гэсэн тооцоо бий. Монголд интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, Mobinet, Citinet, Magic Net, MCS Com тэргүүтэй 37 тусгай зөвшөөрөл бүхий компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр нь сансрын хиймэл дагуул, Улаанбаатар төмөр замын шилэн кабель болон “Russian Trans Telecom” гарцаар холбогддог. Хэдэн жилийн өмнөөс манай улс интернэтийн GigaBit урсгалд холбогдсноор хэрэглээний үнэ 2-3 дахин хямдарч иргэдэд маш том боломжийг олгосон билээ.

Миний бодлоор “Интернэт” гэдэг бол арилжаа, зар сурталчилгаа, мэдлэг, мэдээллийн асар том урсгал бөгөөд мянга мянган серверүүдээс бүрдсэн сүлжээ юм. Шинэ зууны иргэдийн өдөр тутмын амьдралыг интернэтгүйгээр төсөөлөхөд бэрх бөгөөд интернэт бол жинхэнэ утгаараа ертөнцийг харах цонх мөн. Хүмүүс интернэт ашиглан хүссэн мэдээллээ олж авах(google, yahoo, msn), өөр хоорондоо холбогдох (VoIP, Skype, messenger, e-mail), үзэл бодлоо илэрхийлэх (blogs, newsletter, newsgroup), худалдаа, төлбөр тооцоо хийх(e-bay, PayPal), сурч боловсрох (e-learning), кибер орон зайд мэдээлэл хадгалах (Rapid Share), бүх төрлийн дохиолол, алсын удирдлага ашиглах (Remote control), мөнгө олох боломжтойгоос гадна хүн төрөлхтний түүх, соёл урлагийн бүтээлүүдтэй танилцаж, тэр ч бүү хэл хайр дурлалтайгаа ч учирч байна. Мөн интернэт нь аливаа байгууллагын үйл ажиллагаа, бизнесийг хөтлөн явуулах хамгийн чухал арга хэрэгслийн нэг юм.

Интернэт бий болсноор шинжлэх ухаан, боловсролын салбарт асар том дэвшил гарсан бөгөөд олон зуун их дээд сургуулиуд зайны сургалтаар төрөл бүрийн боловсрол олгож байна. Монгол залуусын хувьд интернэт ашиглахад тулгарч буй хамгийн гол бэрхшээл нь англи хэлний мэдлэг дутмаг байгаа явдал юм шиг санагддаг. Гэхдээ өнөөдөр олон залуучууд гадаадад болон эх орондоо англи хэлийг шамдан суралцаж байгаагаас үзвэл энэ бэрхшээл тун удахгүй үгүй болох бизээ. Саяхан л гэхэд www.olloo.mn портал сайт англи хэлний зайн сургалтын http://edu.olloo.mn/english/ сайтыг нээж хэдхэн сарын дотор 10.000 гаруй байнгын хэрэглэгчтэй болсон байгаагаас үүнийг харж болно.

Глобальчлагдаж буй хавтгай дэлхий дээр хүн өөрөө чадвартай л бол интернэт ашиглан эх орондоо сууж байгаад Америк, Европ гэх мэт өндөр хөгжилтэй орнуудын том пүүсүүдтэй хамтран ажиллах боломжтой боллоо. Үүний нэг жишээ бол сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, олон улс гүрнүүдийн том жижиг хэдэн зуун мянган пүүс компаниудын үйл ажиллагаандаа идэвхитэй ашиглах болсон “Аутсорсинг”/outsourcing/ бизнес юм. Аутсорсинг гэдэг нь интернэтээр дамжуулан гадны компани, хувь хүмүүсээр програм хангамж, дизайны болон бусад төрлийн ажил гүйцэтгүүлэхийг хэлэх ба Монголын олон арван компаниуд өндөр хөгжилтэй орнуудын пүүс компаниудын захиалгаар ажил гүйцэтгэж ашиг орлого олж эхлээд байна.

Хүн төрөлхтний нийтлэг эрх ашиг, дэлхий нийтийн соёл иргэншил гэж ярих болсон өнөө үед залуус бид жалга довны юм ярьж, сэтгэж, төр засгийн удирдлагадаа хий хоосон найдаж суухын оронд “Интернэт” хэмээх асар том боломжийн уурхайг нээн ашиглаж чадвал Жерри Янг (Jerry Yang: Yahoo –г үндэслэгч), Пиер Омидьяр (Pier Omidyar: e-bay –г үндэслэгч) зэрэг мянга мянган залуусын адилаар долларын тэрбумтангууд болохыг үгүйсгэх аргагүй. Монголын олон залуус Интернэт хэмээх энэхүү мэдлэг оюуны хязгааргүй уудам орон зайг ашиглан амжилтанд хүрээсэй билээ.

Дэлхийн интернэтийн хөгжлийн чиг хандлага нь “Олны хүч оломгүй далай” гэсэн зарчим дээр тулгуурлагдан хөгжиж байгаа бөгөөд үүнийг App store, Linux, Unix, Social Networking, Open source зэрэг нийтийн оролцоог хамарсан, програм хангамж болон агуулгыг/content/ хүн бүр өөрсдөө хөгжүүлэх бололцоог хангасан дэвшилтэт технологиуд гарч ирж байгаагаас харж болно. Ялангуяа Web 2.0, Web 3.0 дээр суурилсан хүмүүсийн оролцоон дээр тулгуурлагдсан User generated content -ууд сүүлийн жилүүдэд интернэт хэрэглээний хамгийн чухал хэсгүүдийн нэг болсоор байна.

21-р зууны хүн төрөлхтөн интернэтэд зөвхөн компьютер төдийгүй гар утасны тусламжтайгаар холбогдох боломжтой болж байна. 2008 оны сүүлээр дэлхийн хэмжээнд 4,1 тэрбум гар утас хэрэглэгч байсан бол энэ тоо 2014 он гэхэд 5 тэрбум хүрэх ажээ. Өөрөөр хэлбэл хэрэглээний асар их потенциаль байна гэсэн үг. Өнөөдөр MSN, Yahoo, Google зэрэг дэлхийн томоохон бүх портал сайтууд гар утсанд зориулсан хувилбартай болсон байна. Түүнчлэн Microsoft, Google зэрэг томоохон компаниуд Windows болон Android үйлдлийн системтэй ухаантай /smart/ гар утаснуудыг хөгжүүлж дэлхийн үүрэн телефоны зах зээл дээр Nokia, Samsung, Apple зэрэг акулуудтай өрсөлдөж эхэллээ.

Манай улсын хувьд анх удаа “MobiCom” Корпораци 2009 оны 3-р сард 3,5G технологийг зах зээлд нэвтрүүлснээр гар утаснаас өндөр хурдаар интернетэд холбогдож, гар утсаа модем болгон интернэтэд холбогдох боломжийг олгосон билээ. Цаашид үүрэн телефоны гуравдагч оператор “Unitel” Корпораци 3,5G технологийг 2009 оны 8-р сард “LIVE” нэртэйгээр гаргах гэж байгаа төдийгүй “Skytel” Компани Хятадын “ZTE” Корпорацитай хамтран дэлхийд анх удаа CDMA EVDO 2000 1X системээс LTE буюу 4G технологи руу шилжих сураг дуулдах боллоо. Ингэснээр интернэтийн хэрэглээ манай улсад асар ихээр нэмэгдэж тун удахгүй бид малчны хотноос ч гар утсаараа дамжуулан өндөр хурдаар интернэтэд холбогдох боломжтой болж байгаа юм.

Чингис хааны сэлмийн хүчээр бий болгосон Торгоны их зам 800 жилийн дараа шинэ үеийн Монголчуудад интернэтийн ач буянаар эргэн ирсэн байна. Бид хурд, ухаан, харилцаа холбоо, интернэт хэмээх торгон замыг түшиглэн дэлхийн тавцанд хүч үзэн, хөгжил өөд тэмүүлэх болно.

Thanks to Мөнхзориг
Эх сурвалж: http://blog.tedy.mn/?view=show&pid=71