Saturday, December 17, 2011

Б.Галсансүх: Маркиз Дэ Садын богинохон зөвлөгөө

Тамхи нас богинсгохгүй. Тайвширцгаа. Татацгаа. 
Тэр чинь худлаа үг. Тэгээд мэдсээр байж, Бүү шаналцгаа.
Архи амьдралд гай болохгүй, Айх хэрэггүй, Ууцгаа. 
Алтан дэлхийг хааяа ч гэсэн согтуу харах сайхан.

Өндөрөөс бүү ай, Алив үсэр, Харай, Шунга. 
Өргөн дэлхийн агаарыг шүхэрчин шиг амталцгаа 
Хүйтнээс бүү ай, Гарч зугаалцгаа, Мэдэрцгээ 
Хөрст дэлхийн амьсгалыг хүйтэн чулуун дор мэдрэнэ гэж байхгүй. 

Бүсгүйчүүдээ самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа. 
Эр хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар мэдрэхгүй.
Эрчүүдээ самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа. 
Бүсгүй хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар амсахгүй.

Шүтээндээ мөргөцгөө. Залбирцгаа. Сүсэглэцгээ. 
Шүтлэгийнхээ хэрээр диваажингийн зиндаанд заларна.
Хэрэлдэцгээ, Зодолдоцгоо, Алалцацгаа, Үхцгээ. 
Хэн ч энэ ертөнцөд дахин төрөхгүй 

Тэвэрлдэцгээ, Эвлэрцгээ, Уйлцгаа, Инээцгээ 
Тэнгэр биднийг харж байна. Тэнд ийм боломж олдохгүй.

Тайлбар: Marquis de Sade (1740-1814) - Францын хувьсгалч, улс төрийн зүтгэлтэн, зохиолч, гүн ухаанч. Сексийин эрх чөлөөг дэмжигч. (Н.Б)