Wednesday, October 27, 2010

Төгс нийгмийг төсөөлөхүй

Эргэцүүлэл

Оюун ухаант хүмүүн үүссэн цагаасаа нийгмийн харилцаанд оролцож их бага хэмжээгээр бусдын эрх ашгийг ухамсарлан хүндэтгэж, тэр хэмжээгээр өөрийн хүсэл сонирхол нь хязгаарлагдах байгалийн хуулинд өөрийн мэдэлгүй захирагдан, зохилдон барилдаж иржээ. Мянга мянган жилийн амьдралын төлөө, амьд үлдэхийн төлөөх тэмцэл, давагдашгүй их байгалийн шалгуурууд нь хүн төрөлхтний оюун ухааныг улам бүр хөгжүүлэн тэлж, нийгмийн гүн гүнзгий нарийн харилцаануудыг бий болгосон байх.

Анх хүн үүсэх үед амьдрал нь ан гөрөө хийх, загасчлах, жимс ногоо түүх төдийхнөөр хязгаарлагдаж, хүмүүс хоорондын харилцаа дохио зангаа, дуу авиа гаргах хэмжээнд л байсан бол эдүгээ дэлхий дээр 6 тэрбум хол давсан хүний их нийгэм, хэдэн мянган хэлээр ярилцаж, зуу зуун мянгаар тоологдох соёл иргэншил, амьдралын хэв маягийг бүрдүүлжээ. Хүний нийгэм ийнхүү хөгжихийн хэрээр энгийн атлаа жаргалтай байсан амьдрал улам бүр баяжин тэлж хүмүүс хоорондын ялгаа тэнгэр газар мэт болж хүн төрөлхтний нийтлэг эрх ашиг, ашиг сонирхол гэх зүйл бараг үгүй болжээ. Хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээсэн, өөрсдөдөө үнэ цэнэтэй гэж итгүүлсэн эд баялаг, газар нутаг, шашин, үзэл суртлаас болж эдүгээг хүртэл зуу зуун дайныг үзэж, сая сая хүний амийг хүний гараар хөнөөжээ.

Хүн ер нь эрт балар цагт ч тэр эдүгээ орчин цагт ч тэр төрөхдөө л дараах хоёр шинж чанарыг агуулж байдаг болов уу. Эдгээр нь бурханлаг буюу хүмүүнлэг шинж, чөтгөрлөг буюу адгуусан шинжүүд юм. Загалмайтны болон лалын шашинд байдаг анхны хүмүүс болох Адам, Ева хоёрт ч мөн энэ 2 шинж байсан. Бурхан тэднийг бүтээгээд дэлхий дээр авчирсаны дараа хүрч болохгүй шүү хэмээн захисан алимны модноос жимс авч идсэнээр хүн төрөлхтний мөнхийн болоод эцэс төгсгөлгүй их зовлон эхэлсэн талаар дурддаг. Бурхны өөрийн гараар бүтээсэн анхны хүмүүст хүртэл энэхүү адгуусан шинж байсан гэхээр үнэхээр хүний мөн чанарт ийм хоёрдмол шинж анхнаасаа л байсан, цаашид ч байх болно гэдгийг харуулах мэт. Харин энэ 2 шинжийн аль нь илүү давамгайлах нь тухайн бодгалийн генийн кодноос төдийгүй, өсч хүмүүжих орчин ахуй, соёл, гэр бүл, хамт олон, эзэмших боловсрол товчхондоо нийгмээс ихээхэн хамааралтай.

Бид өнөө цагт бүх зүйл хатуу чанга хууль дүрмээр зохицуулагдан ёс зүй, ухамсрыг уландаа гишгэж буй мэтээр харж байгаа хэдий ч дундад зуун, нэн эртний үеүүдийг эргэн харвал хууль цааз өнөөгөөс илүү хатуу чанга байсан. Хүнийг амьдаар нь зулын гол болгох, олны өмнө цаазлах, дүүжлэх, гар хөлийг нь тайрах зэргээр шийтгэхийг нийгмээрээ хэвийн үзэгдэл мэт хүлээн авч байсан. Мөн өнөө цагт бүх хүн ухамсрын түвшинд хүлээн зөвшөөрөөгүй ч гэсэн ихэнх улс оронд ядаж л хуулиар хориглосон байдаг боолчлол, олон эхнэртэй байх, насанд хүрээгүй хүнтэй гэр бүл болох зэрэг үзэгдэл нь ч эрт цагт хэвийн зүйл байсан нь олонтаа.

Гэвч нөгөө талаас хүн төрөлхтний хамгийн нандин үнэт зүйлүүдийн нэг болох хайр дурлал гэр бүлийн асуудал нь эрт цагт хууль цаазаар баталгааждаг өчүүхэн явцуу зүйл биш өөрсдийн итгэл үнэмшил, сүсэг бишрэлийн дагуу бурхан тэнгэр, хамгийн эрхэм нандин гэж үзсэн зүйлийнхээ өмнө андгай тангараг өргөн амлалт өгдөг байсан бол өнөөдөр хүн хүнээ хайрласнаа, хамтран амьдрал зохиохоор шийдсэнээ хууль дүрмийн дагуу баталгаажуулж, өндөр хөгжилтэй зарим оронд гэрээ хийж байж гэр бүл болдог болжээ.

Ухаарал

Ингээд бодохоор хүний нийгмийн ухамсрын, ёс зүйн дээд оргил цэг нь хүн хүнээ, байгаль дэлхийгээ, хүрээлэн байгаа орчноо ер нь амьдралыг бүхэлд нь хайрлах, бусдыг уучлах, хүсэл тачаалаасаа ангижрах тэр цэг байх болов уу. Буддын шашинд байдаг Нирваан дүрийг олох гэдэг нь чухам үүнийг л хэлсэн байх. Мэдээж хүн бүрийн хүсэл тэмүүлэл өөр өөр байдаг, өөр байх ч ёстой. Гагцхүү тэр их хүсэл тэмүүлэл нь хайр энэрэл гэсэн нийтлэг ганц л шинжийг агуулсан байх хэрэгтэй.

Үнэхээр хүн төрөлхтөн тэр оргилд хүрч чадах аваас тэр нийгэмд хайр дурлалаар учирсан хүмүүс заавал хуримын ордонд очиж гэрлэлтээ батлуулж байна гэж хайрыг доромжлохгүй. Бие биенээ хэзээ ч хардахгүй, хайр гэдэг бие биенээ харамлсан хардсан, зунгааралдан зүйл биш байх болно. Хайр гэдэг зүйл бидний төсөөлшгүй өндөр түвшинд хүрэх болно.

Хүн бүр хүсэхүй шунахуйг таягдан хаяж амар амгаланг эрхэмлэн чухалчлах болно. Хүний амьдралын гол зорилго эрх мэдэл, сандал суудал, мөнгө төгрөг биш зөвхөн бусдад өгөх хайр байх болно. Энэ хайр нь шинэ хүн төрөлхтний амьдралын утга учир байх болно.

Тэр цагт хий хоосон шашин шүтлэг, мухар сүсэг үгүй болж хүмүүс өөрөө өөрсдийнхөө бурханлаг шинжийг бүрэн хэрэгжүүлж, ухаарах болно. Хүн бүр өөрийн урсах ёстой замаар урсах болно. Жаргал гэдгийг амар амгалан юм гэж хүмүүс ойлгох болно. Хүн бүр эрдэм мэдлэг гэгээрлийг эрхэмлэн шүтэж ажил хөдөлмөрийг баяр хөөртэйгээр хийцгээх болно. Орой болгон дуу хуур эгшиглэн уянгалж хүмүүс аз жаргалаар бялхан цэнгэх болно.

Өлсгөлөн гуйланчлал үгүй болж хэн ч юугаар ч үл дутагдана. Даян дэлхийн ард түмэн бие биенээ төрсөн ах лугаа хүндэтгэн хайрлаж амьдралын гэрэл гэгээ амар амгалан өөд гар барин алхах бөгөөд хил хязгаар, цэрэг цагдаа, буу зэвсэг үгүй болно. Хүн төрөлхтөн цэнхэр гарагтайгаа ээж хүү хоёр мэт эвтэй байж уудам хөндий, уул ус, цэцэг, навч, ургамал, амьтан нь хүмүүсийн удирддаг техник технологитой арга билиг лугаа зохицсон байх болно.

Хүний харилцааг зохицуулах нийгмийн хэмжүүр нь хууль, дүрэм, журам бус гагцхүү ухаарал, энэрлээр өлгийдүүлсэн хүмүүний ойлголцолоор хэмжигдэх болно. Хүн нь хүнээ бурхан мэт дээдэлсэн төгс гэгээрсэн тэрхүү нийгэмд Хууль дүрэм нь археологийн олдвор адил хүмүүсийн амьдрахуйн бус танин мэдэхүйн хэрэгцээг хангах чанартай зүйл болон хувирч гагцхүү музейд л түүхийн дурсгал болон үлдэх болно.

Б.Мөнхзориг