Tuesday, February 14, 2012

МӨН ЧАНАР БУЙ АВААС
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намар би гунихгүй байж эс чадна, зүрх минь буй!
Нас талийж, өвгөрч буйгаа ч мэднэм, хүн чанар л . . .
Намайг зүүдний сүвэгч шиг зайгаар ч үе үе гэрэлтүүлж
Найран дээр нулимс мэлтэрнэ, надад юу буй, юу эс буй?
Уйлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уурлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уйдах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Ухаарах минь мөн чанар бус, хүн чанар . . .
Устах минь мөн чанар бус, хүн чанар . . .
Баавгай намайг зүүдлэн нойрсдогт итгэдэг юм би,
Баруун гарт минь худал, зүүн талд минь үнэн буй . . .
Бага байгаад том болсон минь мөн чанар бус уу,
Барим тавим хувирсаар л буй нь хүн чанар бус уу,
Баян ч бус, хоосон ч бус мөн чанар минь хүн чанар!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Найзыгаа үхэхэд уйлахгүй, гунихгүй байж эс чадна
Нас барсан бүхнийг санахгүй байж эс чадна, мартахгүй
Нарлаг өдрийн гүнд салхи шуугиж буйг урьтаж мэдрэх нь
Надад мөн чанар бус, хүн чанар шүглэснийх! . . .
Би бол агаар юм, надаар амьсгалагтун, амьд буй үед минь
Би бол гал юм, надаар дулаацагтун, амьд буй үед минь
Би бол гол ус юм, намайг уугтун, гагцхүү амьд буй үед минь
Би бол намар юм, надаар сэрүүцэгтүн, гагцхүү амьд буй үед минь
Би хэзээ ч та нарт олдохгүй, би хэзээ ч олдохгүй, юу үнэн, тэр үнэн!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намайг дурлалаа идэж, хайраа цамц болгосныг минь харагтун
Намайг үхэр шиг мөөрч, нохой шиг хуцаж явааг минь харагтун
Намайг бурхан шиг инээж, харгуйн тоос босгохыг минь харагтун
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .

Надаас сайн сайхныг бүү эрэгтүн, би жоом алдаг
Намар мөөг түүж, хар шөл ууж, хар амиа боддог
Найтааж, ханиад хүрч, эм ууж, бусдыг бас хараадаг
Навс болтлоо согтож, агсам тавьж, нохой өшиглөхөөс буцахгүй
Надаас сайн сайхныг бүү эрэгтүн, би цэцэг тасалдаг
Мөн чанар минь хүн чанар болохоор би яах юм?
Мөрөөдөж, дэмий сэлгүүцэж, хайртай хүүхнээ хардаж,
Мөнгө үрж, Достоевскийд атаархаж, нэр алдарт шунаж,
Мөсгүй зан гаргаж, хүнээс зээлснээ өгөхөөс ч татгалзаж,
Мөн чанар минь хүн чанар болохоор би яах юм?
Надаас муу муухайг бүү эрэгтүн, өнчнийг би өрөвддөг
Нарны доор адилхан л хоног элээж яваа бусдыгаа хайрладаг
Нарсны хоригдлыг, ээжтэй нь цуг бодохоор тэсэхгүй уйлдаг
Намуухан шөнө хүүхдүүдэд үлгэр ярьж тайван нойрсуулдаг
Надаас муу муухайг бүү эрэгтүн, би ялаа ч хороохгүй
Өөдгүй алдааг надаас бүү хай, чоныг ч би хайрладаг
Өмсөж зүүж явснаа хэнд ч тайлаад л өгдөг, би хүн
Өвчтэй эмгэнийг шөнөжин сахиж, цурам хийлгүй хонодог
Өвлийн жаварт золбин нохойг харахаар зүрх шархирдаг
Өөдгүй алдааг надаас бүү хай, хулгайчийг ч би өрөвддөг
Надаас олигтой юм бүү эр, надаас онцгой юм ч бүү хай
Нартад би хүнд тусалж, заримдаа хүнээс тус хайж гэлдэрнэм
Намуухан уянга, зэрлэг хашгираан хоёулаа надад буй
Наадам цэнгэл, сэтгэлийн там хоёулаа миний орон гэр
Надаас олигтой юм бүү эр, надаас онцгой юм ч бүү хай
Энэ биед минь мөн чанар буй аваас, тэр нь хүн чанар л . . .
Эрх чөлөөтэй болмогцоо л би, эргээд түүндээ дургүй хүрдэг
Эгнэгт боол байюу гэтэл, эрх чөлөөг ямагт дээдэлдэг

Энэ хоёрын хооронд тэлэгдэж, учраа олохгүй явдаг
Энэ биед минь мөн чанар буй аваас, тэр нь хүн чанар л . . .

Буй бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Бусдаас хайр нэхдэг хэрнээ, өөрөө түүнийгээ өгч чадахгүй
Буян үйлдэж чилэх хэрнээ, буг болж нөхдөө загнуулдаг
Буруу харж суух хэрнээ, ард болж буйг ч бас мэддэг
Буй бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Эр бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Эм хүнд дургүй хэрнээ, тэдэнгүй байж бас л чадахгүй
Эд баялагт дургүй хэрнээ, элбэг амьдралд дасах янзтай!
Эрх тушаалд дургүй хэрнээ, эрээлхэж цээрлэхгүй загнах аястай
Эр бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Муу бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Мунхагт бас дургүй хэрнээ, ухаантайг нь хүлцэж чадахгүй . . .
Муруй хамартайд дургүй хэрнээ, шулууныг бас тэвчиж чадахгүй
Муусайн баячуулд өших хэрнээ, хоосон ядууд бас дургүй
Муу бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Мөн чанарыг нь мэдье гэвэл, хэн л чадах билээ?
Мөрөн гол руу тэмүүлэх хэрнээ, гурав хоноод л зугатаадаг
Мөст оргил руу авирах хэрнээ, говь цөл рүү тэнүүчилдэг
Мөнх амьдрал хүсэх хэрнээ, нэг агшнаас л дорхноо уйддаг
Мөн чанарыг нь мэдье гэвэл, хэн л чадах билээ?
Үнэн чанарыг минь танья гэвэл, хэн л чадах билээ
Үгүйсгэж чадсан бүхнээ, шүтээн гээд тахиж залбирна
Үргэлж дээдэлж явснаа ч, үнсэнд ортол муу хэлнэ
Үзээрийн муухай хүнийг ч, үнэхээрийн сайхан хэмээн зална
Үнэн чанарыг минь танья гэвэл, хэн л чадах билээ
Ийнхүү бид хоёр туйл руу цагийн зүү шиг хэлбэлзэж амьдарна
Ид шид үгүй ч, нарыг эвэртэй, сарыг шидтэй болгож төсөөлнө
Инээх уйлах хоёрын завсарт та нар шиг л савлаж явна
Их бага хоёрын дунд эзэн хаан шиг, боол шиг амьдарна
Ийнхүү би ч, та ч, хэн хэнийгээ хэлэлтгүй “хүн чанартай” буюу . . .

Яруу найрагч: О.Дашбалбар

Saturday, December 17, 2011

Б.Галсансүх: Маркиз Дэ Садын богинохон зөвлөгөө

Тамхи нас богинсгохгүй. Тайвширцгаа. Татацгаа. 
Тэр чинь худлаа үг. Тэгээд мэдсээр байж, Бүү шаналцгаа.
Архи амьдралд гай болохгүй, Айх хэрэггүй, Ууцгаа. 
Алтан дэлхийг хааяа ч гэсэн согтуу харах сайхан.

Өндөрөөс бүү ай, Алив үсэр, Харай, Шунга. 
Өргөн дэлхийн агаарыг шүхэрчин шиг амталцгаа 
Хүйтнээс бүү ай, Гарч зугаалцгаа, Мэдэрцгээ 
Хөрст дэлхийн амьсгалыг хүйтэн чулуун дор мэдрэнэ гэж байхгүй. 

Бүсгүйчүүдээ самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа. 
Эр хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар мэдрэхгүй.
Эрчүүдээ самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа. 
Бүсгүй хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар амсахгүй.

Шүтээндээ мөргөцгөө. Залбирцгаа. Сүсэглэцгээ. 
Шүтлэгийнхээ хэрээр диваажингийн зиндаанд заларна.
Хэрэлдэцгээ, Зодолдоцгоо, Алалцацгаа, Үхцгээ. 
Хэн ч энэ ертөнцөд дахин төрөхгүй 

Тэвэрлдэцгээ, Эвлэрцгээ, Уйлцгаа, Инээцгээ 
Тэнгэр биднийг харж байна. Тэнд ийм боломж олдохгүй.

Тайлбар: Marquis de Sade (1740-1814) - Францын хувьсгалч, улс төрийн зүтгэлтэн, зохиолч, гүн ухаанч. Сексийин эрх чөлөөг дэмжигч. (Н.Б)


Дэлхийд хамгийн үнэтэй зарагдсан домайн нэрс

Домайн нэр гэдэг бол өнөөдөр On-line ертөнцөд байгууллага болон хувь хүний хамгийн чухал нэрийн хуудас болжээ. Дэлхий дээр com. домайн хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд үүний араас .net, .org, .biz гээд цуварна.

Энгийн домайн нэр (жишээ нь example.com or example.org) google.com - c авахад нэг жилийн төлбөр 10$ байдаг бол datacom-c .mn домайн авахад 40$ орчим ханштай байна. Гэхдээ мэдээж арилжааны зориулалттай өнгөтөй өөдтэй нэрүүдийг аль хэдийн учир мэдэх хүмүүс нь аваад хав дарчихсан. Хэрэгтэй үед нь асар өндөр үнээр зарах гээд хүлээгээд байж байгаа.

Бүртгэгдсэн домайныг борлуулдаг domain aftermarket дээр 2011 оны байдлаар дэлхий дээр хамгийн үнэтэй зарагдсан 19 домайныг дурдвал: 

1.      Insure.com 2009 $16 million 
2.      Sex.com for $14 million in October 2010
3.      Fund.com 2008 £9.99 million
4.      Porn.com 2007 $9.5 million
5.      Fb.com for $8.5 million in November 2010
6.      Business.com for $7.5 million in December 1999
7.      Diamond.com 2006 $7.5 million
8.      Beer.com 2004 $7 million
9.      Israel.com 2008 $5.88 million
10.  Casino.com 2003 $5.5 million
11.  Toys.com: Toys 'R' Us by auction for $5.1 million in 2009
12.  AsSeenOnTv.com for $5.1 million in January 2000
13.  iCloud.com by Apple for $4.5 million in April 2011
14.  Altavista.com for $3.3 million in August 1998
15.  Candy.com for $3.0 million in June 2009
16.  Wine.com for $2.9 million in September 1999
17.  CreditCards.com for $2.75 million in July 2004
18.  Autos.com for $2.2 million in December 1999
19.  Casino.tt for $2.0 million in May 2011
                   Эх сурвалж: c.net






Thursday, December 15, 2011

4G буюу LTE

Хамгийн энгийнээр хэлбэл LTE гэдэг бол гар утсаар интернэтэд   холбогдох өндөр хурдны технологи юм.

Харьцуулбал:
  -  3G:                14.4 Mbps
  -  Wibro (4G):  37.4 Mbps
  -   LTE:            75.0 Mbps


Энэхүү технологийг БНСУ-д 2011 онд LG болон SK Telecom үүрэн телефоны операторууд амжилттай нэвтрүүлсэн. Өнөөдөр манай улсын хувьд MobiCom, Skytel хоёр 3G  ашиглаж байгаа бөгөөд 2013 оны гэхэд 4G -д шилжих байх гэж би таамаглаж байна.

Яг одоогоор Монгол ба Солонгос улсын гар утасны интернэтийн хурдыг харьцуулж үзвэл:

БНСУ:   
  • U+LTE:      75.0 Mbps
Монгол улс:
  • Skytel:         21.0 Mbps  
  • MobiCom:   14.4 Mbps

 /Mbps = Megabits per second./

Sunday, November 27, 2011

Гүйгээд очмоор 
Очингуутаа буцаад зугтмаар 
Гүйгээд очмоор 
Очингуут... бас дахиад зугтмаар 

Тэр нэг газар би төрсөн
Тэр нэг газар би төгсөнө
Тэр газрыг би санадаг
Тэнгэрийг нь би шүтдэг
Атомын зэвсгийн өмнө би хэн бэ?
Ардын Намын өмнө бид юу юм?

Нямдорж гуайн өмнө би гөлөг
Элбэгдорж гуай миний эцэг

Алтны уурхайн үүдэнд би юу юм?
Арван сая долларын өмнө та хэн юм?

Хүнд суртлын өмнө би хонь
Хүн хүндээ бид чоно

Эрх чөлөө бол боолчлол!
Энх тайван бол дайн!

Намайг дагаад хэлээрэй:
АМЬДРАЛ САЙХАН БАЙНА!

Thursday, November 25, 2010

Эх орныхоо хөгжилд – Mиний оролцоо

МУЗГ-с Гадаадад сурч буй оюутнуудад зориулсан "Эх орны хөгжилд - миний оролцоо" сэдэвт эссэний уралдаанд 2-р байр эзлэв. 


2010 оны 12-р сарын 28 -ны өдөр.


Эх орныхоо төлөө шаналах сэтгэлгүй, цохилох зүрхгүй иргэн хүн гэж хаа байх билээ. Хятад ч бай, Орос ч бай өөрийн улс орноо хамгийн сайхан нь гэж боддог жинхэнэ иргэдийнхээ хүчээр л оршин тогтнодог. Харин “Наран ургах зүгээс наран жаргахуй” хүртэлхийг морин туурайгаар тамгалж, толгойтныг бөхийлгөж, тойгтоныг сөхрүүлж, шударга хууль дор түмнийг захирч, дэлхийн талыг эзэгнэж явсан аугаа их түүхтэй Чингисийн Монголын иргэн болж төрсөн хүн бүр хараа алсуур, тэргүүн дээгүүр явах учиртай биз ээ.

Эгэл бие минь алс холын Солонгос улсад мастерийн зэрэг горилон суралцдаг ч, хөх тэнгэрийн доорх Монгол орондоо зүрх сэтгэл минь уяатай байдаг. Улс орныхоо хөгжил дэвшилд иргэн хүний хувьд санаа зовнин явдаг.

Солонгост сурч буй хугацаандаа миний олж харсан хамгийн чухал зүйл гэвэл тус улсын хөгжлийн гол үндэс нь иргэн бүрийн эв нэгдэл, эх орноо чин сэтгэлээсээ хайрлах үзэл юм билээ. Эх орноо гэсэн сэтгэлтэй олон мянган залуус нь гадаад оронд сурч өндөр боловсрол эзэмшээд бага цалинтай гэлгүйгээр эх орондоо заавал эргэн ирж өөрсдийн ирээдүйн хойчийн төлөө шаргуу хөдөлмөрлөсөний үр шим өнөөдөр энэ улсыг дэлхийн 12 дахь том эдийн засагтай гүрэн болгожээ. Дайны дараах хүнд жилүүдэд Солонгос дэлхийн хамгийн ядуу орны нэг байсан бөгөөд байгалийн баялаг гэх зүйл юу ч үгүй, дээр нь авилгал, хүнд суртал, хээл хахууль газар авсан байв. Гэвч өнгөрсөн 30 жилд Солонгос улс ядууралтай тууштай тэмцэж богино хугацаанд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болж чадсаны нууц, бас хөдөлгөгч хүч нь ердөө л хүн бүрийн эх оронч сэтгэл. Тэгэхээр зарим залууст хийрхэл мэт сонсогддог энэ “эх оронч үзэл” хэмээх ойлголт бол маш хүчирхэг, бодтой том далайц юм байна.

Улс орныг хөгжүүлнэ гэдэг алга урвуулахын дайтай зүйл биш нь тодорхой. Гэхдээ иргэн бүр амь нэгтэй байж, эх орон минь маргааш биш юм аа гэхэд тав, арван жилийн дараа л дэлхийн тэргүүлэгч улс болно гэсэн өөдрөг зорилгын төлөө үнэнчээр хөдөлмөрлөж чадвал хөгжил гэдэг хүршгүй холын зүйл огт биш ээ. Монголчууд биднийг нэгтгэж чадах, аль ч хүчирхэг үндэстэнд төдий л байдаггүй түүх соёл, өвөг дээдсээрээ бахархах үзэл хэмээх давуу тал бий шүү дээ.

Миний бодлоор нэн тэргүүнээ хүн бүр ажилтай байх нь хамгийн чухал. Үнэндээ Монголд улсад ажлын байр байхгүй ч бус, гагцхүү гоц чухал ажлын байруудад тэнцэх боловсон хүчин ус агаар мэт хэрэгтэй байна. Тэр дундаа өндөр технологи, нарийн мэргэжлийн инженер мэргэжилтнүүд асар их хэрэгцээтэй байгаа билээ.
Өнөөдөр зуу зуун залуус харийн нутагт өндөр боловсрол эзэмшихээр шамдан суралцаж байна. Би ч мөн эдгээр залуусын нэгэн адил дэлхийн өндөр хөгжилтэй орны шинээр гарч буй интернэт, харилцаа холбооны техник технологийг судалж эзэмшсэн сайн мэргэжилтэн болж, цаашилбал эх орондоо шинэ техник, технологи нэвтрүүлж, өөрийн гэсэн бизнестэй  болох сон гэж хичээн суралцдаг. Харилцаа холбооны техник технологиор дэлхийд тэргүүлэгч Солонгос улсад ирсний минь учир ч энэ. Хэдхэн жилийн дараа би эх орондоо буцаж очоод орчин цагийн “торгоны их зам” болсон интернэтээр дамжуулан Америк, Европ, Азийн өндөр хөгжилтэй орнуудын том пүүсүүдтэй хамтран ажиллаад сууж байх юм сан.

Хамгийн гол нь тусгаар улсынхаа жинхэнэ иргэн нь байж, шудрага хөдөлмөрөөрөө гэр бүлээ хүний дайтай авч явж, хожим төрөх хүүхдүүдээ түүх соёл, зан заншлаа хүндэтгэн дээдэлдэг эх оронч хүмүүс болгон өсгөж чадаж гэмээнэ эх орныхоо хөгжилд оруулж буй иргэн хүний хамгийн үнэ цэнтэй хувь нэмэр тэр гэж би ойлгодог. Үүний тулд өнөөдөр хийж чадах зүйл маань өдөр өдрийн нартай уралдан хичээл номдоо шамдаж, хүний газар нэрээ хичээж явах. Илүү зүйл бодохгүй, дэмий зүйлд сатаарахгүй, сэтгэлдээ үүнээс өөр ачаагүй яваа энэ л үе минь миний боломж, бүр цаад утгаар нь хөөж бодох юм бол, Монгол эх орны минь өнөөдрийн хамгийн чухал боломж юм.

Харьд, тэр тусмаа өндөр хөгжилтэй оронд явахад “Бид юугаараа эднээс дутуу болоод, эд яагаад ийм сайхан амьдрал, ийм хөгжингүй нийгмийг цогцлоочихсон юм бэ?” гэж өөрийн эрхгүй бодогддог. Тэр хөгжингүй орны иргэд биднээс хол давчихсан, атаархмаар ухаантай хүмүүс учраас ингээд биднээс түрүүлчихсэн юм огт биш, гагцхүү тэдний чинхүү эх оронч үзэл, эвсэг зан л улсаа ийм хэмжээнд аваачихад хангалттай хөшүүрэг болжээ гэдгийг олж харсныхаа дараа би нэг л сайхан тайвшралыг мэдрэх шиг болсон. Энэ санаагаа өөрийн үе тэнгийн олон залуустай хуваалцах сан гэсэндээ үүнийг бичиж байна. Д.Урианхай найрагчийн “Бүргэд нисэхээ бусдаар заалгаагүй шиг, эх орноо хайрлахаа хүнээс сураагүй ээ, би” гээд нэг сайхан шүлэг байдаг даа. Монгол улс минь нэгэн цагт дэлхийд тэргүүлж байсан тэр цаг ахин ирнэ, монгол хүн болж төрнө гэдэг дээдийн дээд хувь ерөөл юм аа гэдэг энэ бодлыг минь надад хэн нэгэн хүн албадан зааж сургаагүй ээ. Хар аяндаа л би Монголоо гэсэн сэтгэлтэй хүн болчихсон. Над шиг залуус сая саяараа өсч торниж байгаа шүү, итгээрэй, эх орон минь!


Thanks to Мөнхзориг & Ах Аюурзана


Эх сурвалж: http://cooperation.gov.mn/essay/archives/528